Н.ЖАВЗМАА: ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙН ХАМТ ОЛОН ЭНЭ ЖИЛ УЛСЫН ТӨСӨВТ 90 САЯЫГ ТӨВЛӨРҮҮЛСЭН


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын палеонтологийн сор буюу брэнд үзмэрүүдийг дэлхий дахинд сурталчлах, олон улсын жишигт нийцсэн музейн тогтмол үйл ажиллагаатай болохыг зорьж яваа Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмааг энэ удаагийн хоймортоо урьж ярилцав.

-Та Үлэг гүрвэлийн музейн захирал болохоос өмнө Байгалийн түүхийн музейд олон жил ажилласан байх аа. Яагаад музейтэй ажил, амьдралаа холбов?

-Үлэг гүрвэлийн төв музейг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор байгуулсан. Би МУИС-ийг 1992 онд төгсөөд Монголын Анчдын нийгэмлэгийн төв зөвлөлийн харьяа Агнуурын музейд үйлчлэгч, тайлбарлагч, эрхлэгчээр ажилласан. 2001 онд Байгалийн түүхийн музейн чихмэлийн лабораторийн эрхлэгчээр хоёр жил, Эрдэм шинжилгээ, аргазүй сан хөмрөг хариуцсан албаны даргаар ажиллаж байгаад 2013 онд Үлэг гүрвэлийн төв музейн захирлаар томилогдсон. Үлэг гүрвэлийн төв музейн захирлын сонгон шалгаруулалтад 20-иод хүний материал ирснээс 4-5 хүн шалгарч эхний байрт би, хоёрдугаарт ШУА-ийн Палеонтологийн музейн эрхлэгч, доктор Х.Цогтбаатар бид хоёр тунаж үлдсэн. Ингээд 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн тушаалаар Үлэг гүрвэлийн музейн захирлаар томилогдсон. Нийт 26 жил Монголын байгалийн чиглэлийн музейд ажиллаж байна.

-АНУ-д Монголоос хууль бусаар очсон нь нотлогдсон үлэг гүрвэлийн ясны асуудлаас хойш манайд үлэг гүрвэлийн ховор олдворыг хууль бусаар хил давуулсан, ер нь олдворуудыг хаана яаж хадгалж хамгаалж байдаг зэрэг асуудал асуудал болж байсан. Тийм ч болохоор энэ музейг байгуулсан болов уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр Ц.Оюунгэрэл сайд ажиллаж байсан. Тухайн үед АНУ-ын Нью-Йоркийн музейд ажиллаж байсан доктор М.Болорцэцэг Ц.Оюунгэрэл сайдад мэдээлэл өгсний дагуу дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан Т-Батаар /Тарбозавр Батаар/-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэхэмжлэл гаргаснаар АНУ-ын Техас мужийн шүүхийн шийдвэр гарч дуудлага худалдаа зогссон нь Монголын соёлын нэгэн үнэт өвийг эх орондоо эргүүлэн авч ирсэн.
Үүний сацуу Монголын үлэг гүрвэл мөн эсэхийг тодорхойлохын тулд олон орны палеонтологи, эртний ургамал, амьтан судалдаг эрдэмтэн судлаачид АНУ-д очсон юм. Энэ батаар монголоос өөр газраас олддоггүй юмуу, зөвхөн Монголын унаган амьтан юмуу гэдгийг тодорхойлоход Монголын говиос олддог Тарбозавр батаар мөн. АНУ-аас олддог нь хүчирхэг том, махчин идэштэн динозавр боловч нэр нь Тирнозавр Рикс юм гэж тодорхойлсон. Монголоос Р.Барсболд, Х.Цогтбаатар, М.Болорцэцэг нарын эрдэмтэд очсон, Монгол, Америк, Канадын эрдэмтдийн баг хамтран уг олдворыг шинжлэн судалж, Монголын говиос олдсон болохыг шүүхэд нотолсноор Нью-Йорк хотын Өмнөд мужийн шүүхээр Т-Батаарыг Монголын өв хэмээн тогтоосон. Хүмүүс ийм жижигхэн орон яагаад хүчирхэг Америкаас олдворуудыг аваад ирэв гэж гайхаж магадгүй. Монгол Улсын хуульд газрын доор болон дээрх баялаг монголын ард түмэн, төрийн өмч юм гэж заасан байдаг. Харин АНУ-д бүх газар нутгаа иргэд нь хуваагаад авсан, газрын дээр болон доорх баялаг бүгд эзэнтэй. Энэ Жоны нутаг, Женнагийн нутаг гэх мэт. Тиймээс энэ бол Монгол Улсаас олдсон нь үнэн гээд дэлхий дахины том эрдэмтэд тодорхойлоод монгол руу буцааж авчирсан түүхтэй.
Үлэг гүрвэлийн төв музей нь соёлын өвийг хадгалан хамгаалах, бүртгэн баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворуудаар сан хөмрөгөө баяжуулах, гадны орнуудад байгаа олдворуудыг олж тогтоон, мэдээллийн сантай болох, соёлын өвийг олон нийтэд дэлгэн үзүүлэх зорилгоор 2013 оны 02 сарын 21-нд улсын бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн.

-Үлэг гүрвэлийн төв музей стандарт хангасан байргүй, үлэг гүрвэлүүд “орох оронгүй” хэцүүдэж байсан. Тэгвэл байрныхаа асуудлыг хэрхэн шийдэж байв?

-Монгол Улсын засгийн газрын 11 дүгээр тогтоолын дагуу Үлэг гүрвэлийн төв музейг хуучнаар В.И.Лениний музейд байрлуулах шийдвэр гарсны дагуу 2013-2014 он хүртэл дөрвөн шатны шүүхээр явсан. Ингээд 2014 оны 5 дугаар сарын 18-нд өөрийн үндсэн байрандаа орсон. Тэр хугацаанд Дархан хотод Т-Батаараа авч очсон. Тэнд өвөлжөөд тавдугаар сарын эхээр нүүж ирсэн юм. Ингэхдээ зөвхөн хойд талын зүүн талын хаалгаар орж В.И.Лениний музейн кино театр байсан өрөөг сулласан. Анх Д.Сүхбаатарын талбайд түр үзэсгэлэнгийн танхимд урт нь 24 метр, өргөн нь 12 метр, дээшээ 8 метр өндөр танхимд үзэсгэлэнгээ үзүүлж байсан бол байрандаа нүүж ороод урт нь 28 м, өргөн нь 16 метр, өндөр нь 10 метр танхимд “Батаар ба сор үзмэр” үзэсгэлэнгээ дэглэсэн.

– Т-Батаар монголд ирснээр иргэд тодорхой хэмжээнд музейг сонирхдог болсон. Т.Батаарын үзэсгэлэн нээснээс хойш энэ хугацаанд улсын төсөвт хичнээн төгрөгийн орлого оруулсан бэ?

-Хууль бусаар алдагдсан үнэт олдвор соёлын өвийг Монгол Улс хэрхэн буцаан эх орондоо авчирсныг олон нийтэд таниулах, палеонтологийн арвин их олдворууд, түүний дотор үлэг гүрвэлийн олдвороороо дэлхийд тэргүүлдэг Монгол Улсаа сурталчлах зорилгоор 2013 онд “Т-Батаар гэртээ ирлээ”, “Т-Батаар Дарханд”, “Т-Батаар ба сор үзмэрүүд”, “Үлэг гүрвэлийн мөрөөр”, “Цэрдийн галавын гайхамшиг”, “Цээрдийн галавын усны амьтад” зэрэг том том үзэсгэлэн дэглэсэн. Олон улсын шүүхийн тусламжтай буцаан авчирсан 70 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн олдвороор Д.Сүхбаатарын төв талбайд тусгай байгууламж дотор “Т-Батаар гэртээ ирлээ” үзэсгэлэнг иргэд олон нийтэд танилцуулсан нь манай музейн анхны томоохон ажил болсон доо. 2013 оны 6-12 сар хүртэлх хугацаанд давхардсан тоогоор нэг сая гаруй үзэгчид үйлчилж, улсын төсөвт 200 гаруй сая төгрөг төвлөрүүлсөн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад 2014 оны 10 дугаар сарын 23-наас хууль бусаар ажлаас чөлөөлж, 2016 оны 5 дугаар сарын 09-ныг хүртэл Дариймаа гэдэг хүн ажилласан. Гурван шатны шүүхээс шийдвэр гарсны дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр эргүүлэн ажилд маань томилсон юм. Намайг ажлаас халагдсан нэг жил 7 сарын хугацаанд 20 гаруй сая төгрөг төвлөрүүлсэн юм билээ. Би ажилдаа ороод “Үлэг гүрвэлийн төв музейн концепц” боловсруулж, 2013 оны хоёрдугаар сарын 19-нд дууссан. Музей цаашид хэрхэн ажиллах талаар барилгад нь тохируулан үзмэр яаж дэглэх, хичнээн танхимтай байх, танхимд Архейн эринээс Дөрөвдөгчийн галав хүртэл хичнээн үзмэр дэглэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн үйлчлэх, боловсролын ажлыг хэрхэн явуулах зэргийг тусгасан. Мөн “Т.Батаарын музей” ном хэвлүүлэн гаргалаа. Намайг ажиллаагүй байх үед “Үлэг гүрвэлийн төв музейн концепц”-ийн дагуу ямар ч ажил хийгдээгүй байсан. Түүх соёлын дурсгалыг сэргээн засварлах сангаас манай музейд сонгон шалгаруулалт зарлаж 47 сая төгрөг олгосон юм. Үүгээр 2016 оны 7 дугаар сард гол танхимаа ашиглалтад орууллаа. Мөн АНУ-аас 2014 оны 10 сарын 22-нд ирсэн үзмэрүүдийг сэргээн засварлан тавьсан. 2017 оны наймдугаар сард “Дунд төрмөлийн эрин” танхимыг ашиглалтад орууллаа. 2017 оны 11 дүгээр сар хүртэл 30 гаруй мянган хүнд үйлчилсэн. Зөвхөн энэ жил гэхэд улсын төсөвт 70 сая төгрөг, 2013 оноос хойш нийт 300 сая орчим төгрөг төвлөрүүлээд байна.

-Үлэг гүрвэлийн музейд хүүхэд багачуудын хөл тасрахгүй байгаа нь харагдаж байна. Музей нийт хичнээн үзмэртэй вэ. Өдөрт хичнээн хүнд брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж байна?

-Музейн сан хөмрөг 1000 гаруй үзмэр, цуглуулгатай. Музейн үндсэн үзмэр болох “Цэрдийн галавын гайхамшиг” үзмэр 2016 оны зургадугаар сараас олон нийтэд үзүүлж байна. Энэ үзэсгэлэнгээр палеонтологийн шинжлэх ухааны үнэт олдвор болох цэрдийн галавын үед амьдарч байсан 40 гаруй олдворыг дэлгэн үзүүлсэн. Манай музей жилийн турш бүх өдөр хуваарийн дагуу ажиллаж, өдөрт 200-300 хүнд үйлчилдэг. Үзэгчдийн ихэнх нь хүүхдүүд. Гадаадын болон том хүнд 3000, хүүхдэд 500 төгрөгийн үнээр музейгээ үзүүлдэг. Өмнө нь бид 1000, 500 төгрөгийн тасалбартай байсан, энэ байрандаа ороод үнээ нэмэхээс өөр аргагүй болсон.

“Хүннү молл”-д “Үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн олны хүртээл болж буй. Олдворуудыг Үлэг гүрвэлийн төв музейд нэгтгэж болдоггүй юм болов уу?

– Палеонтологийн шинжлэх ухаан нь эртний ургамал, амьтныг судалдаг. Хүмүүс шинжлэх ухааны байгууллага, соёлын байгууллагыг хооронд нь хутгаж ойлгоод байдаг. Манай музей бол шинжлэх ухааны байгууллагаас ирсэн, судалгааны эргэлтэд орсон, шинжлэх ухааны үндэслэлтэй үзмэрүүдийг үзэгчдэд зөв ойлгуулж, таниулах үүрэгтэй. Шинжлэх ухааны байгууллага бол өөрсдөө хайгуул судалгааны ажил хийж, олдворуудаа эрдэм шинжилгээний үүднээс тодорхойлон олон нийтэд үзүүлэх боломжтой гэсэн үзмэрүүдийг нь музей соёлын байгууллага дэглэн олон нийтэд хүргэдэг.
Засгийн газрын 11 дүгээр тогтоолоор Байгалийн түүхийн музейн үзмэрүүд болон ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн дэргэдэх музейг Үлэг гүрвэлийн төв музейд нэгтгэх тогтоол гарсан ч өнөөдрийг хүртэл биелээгүй. ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн олдворууд ямар хууль дүрмийн дагуу “Хүннү молл”-д очсоныг мэдэхгүй. Ямар ч байсан манай музейд их хэмжээний талбай бий. Бид ийм жижиг үзмэрүүдээр улсын төсөвт их хэмжэээий мөнгө төвлөрүүлж чадаж байгаа юм чинь “Хүннү молл”-д байгаа үзмэрүүдийг авчрах юм бол эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг нь үзэгчдэд үзүүлж, түгээн дэлгэрүүлэх боломжтой. Түүнээс биш бид өрсөлдөгч байгууллага биш. Манай музейд судлаач, сэргээн засварлагчид бүгд ажилладаг. Үзэгчдэд үзмэрээ хэрхэн гоё, сайхан зөв мэдээлэл өгөх нь чухал.

-Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэд чингэлэгт хураалттай олдворууд олон байдаг хаана тавьж үзүүлэх, олигтой хадгалах газар олддоггүй гэж ярьдаг. Түүнийг сэргээн засварлаж олны хүртээл болгож болдоггүй юмуу?

-Олдворуудын зарим нь “Хүннү молл”-д очсон нь бий, чингэлэгт ч бий. Энэ бол хэсэг бүлэг хүмүүсийн өмч биш, улсын өмч. Түүнийг авчраад хүнд ойлгомжтой, шинжлэх ухааны үндэслэлтэй, танин мэдэхүйн хувьд хэрхэн үзүүлэхийг музейнхэн мэдэх ёстой. Харин хэрхэн судалсан, үнэ цэнэтэй эсэхийг нь судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд тодорхойлдог. Энэ амьтныг Тарбозавр батаар гэдэг юмуу, эсвэл Бактрозавр, Анкилозавр Овираптор юмуу гэх мэт хүний хэл хугарахаар үг хэллэгтэй тухайн амьтны амьдарч байсан орчин, жин, идэш тэжээл, онцлогийг нь тайлбарлаж үзэгчдэд үзүүлэх нь чухал. Тиймээс улсын үнэ цэнэтэй, соёлын өвийг бид хадгалан хамгаалж, дэлхийн өнцөг булан бүрээс зөвхөн монгол орныг зорин ирж үлэг гүрвэлүүдийн олдворыг үздэг байх томоохон музей болох, Монголд ирэх гадаадын жуулчдын тоог нэмэх, үзмэр үзүүллэгийн дэглэлтийг бүх насны үзэгчдэд хүртээлтэй, сонирхолтой, танин мэдэхүйд нь үлдэцтэй, үр дүнтэй байдлаар, орчин үеийн техник, технологийг ашиглан дэглэж музейн үзмэрүүдийг амьд харагдуулахыг зорин ажиллаж байна.

-Үлэг гүрвэлийн олдвор дэлхийд хичнээн улсаас олддог юм бэ?

-Үлэг гүрвэлийн олдвор дэлхийд Монгол, АНУ, БНХАУ-аас л олддог. Үүнээс Монгол орон үлэг гүрвэлийн асар их баялагтай. АНУ-ын Монтана мужаас олдож байгаа олдворыг эрдэмтэн судлаачдаас нь асуухад хаднаас цүүцдэж авдаг гэдэг. Харин манайд уран зураач бийрээр элсийг хоёр тийш нь болгоход яг тэр анатоми нь яг тэр чигээрээ гарч ирдэг. Тэгэхээр Монголын олдворууд бүтэн, эвдрэл багатай, дэлхийн хэмжээнд олддог олдворуудаас жинхэнэ “ориг” байдаг нь тодорхой харагдаж байгаа учир судлаачид Монголыг зорьж байна. Би музейн үзмэр дэглэлттэй танилцах, туршлага судлах зорилгоор АНУ-ын Нью-Йорк хотын музейд очиж үзэхэд бүтэн хоёр давхар музей тэр чигээрээ монголын үлэг гүрвэлийн үзмэрүүд байсан.Протоцепатопс гэдэг үлэг гүрвэл Монголд хонь шиг бэлчдэг байсан гэж эрдэмтэн судлаачид ярьдаг. Түүний зулзаганаас эхлээд нас бие гүйцсэн үлэг гүрвэлийн гавлынх нь яс хүртэл тэр музейд бий. Төв Азийн амьтан, ургамал судалдаг Рой Чэпман Эндрюс тэргүүтэй судлаачид 1921-1930 онд АНУ-аас ирж, хэдэн тонноор нь тэмээн жингээр нь Хятадаар дамжуулан авч гарсан юм билээ.
Нэг баримт сонирхуулахад, бид Үлэг гүрвэлийн төв музей байгуулах гэж байхдаа эрдэмтэдтэй хамтран төв Архиваас мэдээлэл цуглуулсан. Тэгэхэд Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээнд “Эдгээрийг Монгол Улсаас судалгаанд авч явж болно. Харин ямар ч тохиолдолд буцаан авчрах хэрэгтэй. Таван метрээс доош манай газар шороог хөндөж болохгүй” гэж монгол бичгээр бичсэн байсан. Тиймээс дээр үеийн монголчууд хэр зэрэг эх оронч сэтгэлгээтэй байсан нь харагдаж байна. Р.Ч.Эндрюсийн 10 ширхэг боть номд хичнээн ширхэг тоогоор ямар олдвор авч явсан нь судалгаатайгаа бий. АНУ манай монголын үлэг гүрвэлийн яс, эртний ургамал, амьтдын үзмэрээр амьсгалж, түүгээр мөнгө хүүлж байна. Үүнд би харамсаж л байдаг.

-Үлэг гүрвэлийн олдворуудын насжилтыг уртасгахын тулд ямар арга хэмжээ авч, хадгалдаг юм бол?

-Хадгалалт хамгаалалт стандартын дагуу явж байна. Уран зургийн галерей, Богд хааны музей зэрэг угсаатны музей чийгшил шаарддаг. Харин манай Үлэг гүрвэлийн музей бол 0 градус. Яагаад гэвэл манай музейн олдворууд газрын хөрсөнд вакуумжсан орчинд амьдарч байсан. Тиймээс гарч ирээд ус чийг үзвэл шороо болох магадлалтай. Хэвийн тасалгааны температурт хадгалж болно. Гэхдээ бэхжүүлэгчийг байнга хэрэглэнэ. Батаар манайд ирээд 4-5 жил болж байна. Бэхжүүлэгч бодисыг сэргээн засварлагч мэргэжлийн улсууд түрхдэг. Хүмүүс харахад гадна талдаа яс мэт боловч дотор далдаа пласстмас орчныг бүрдүүлж хадгалдаг. Дэлхийн жишиг нь ч тийм.

-Манай орон аялал жуулчлалыг хөгжүүлнэ л гэж яриад байдаг, жуулчдыг татах нэг зүйл нь Үлэг гүрвэлийн Төв музей яагаад байж болохгүй гэж . Та бүхэнд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

-Мэдээж асар том үүрэг гүйцэтгэнэ. Миний хувьд зөвхөн монголд эртний үлэг гүрвэл, амьтан, ургамлыг үзүүлье гэсэн бодолтой явдаг. Түүнээс гадаадын улс орноор үзэсгэлэн явуулах хэрэггүй. Манай музейн барилга доошоо нэг, дээшээ гурав, нийт 4 давхар асар том байгууламжтай. Энэ байгууламжид улсын төсвөөс зориулаад мөнгийг нь өгөөд, “Үлэг гүрвэлийн төв музейн концепц”-ийн дагуу байгуулвал манай улс жуулчдыг татах, мөнгө хүүлэх, улсын төсөвт өч төчнөөн их наяд төгрөг оруулах боломж бүрэн бий. Бидэнд санхүүжилт хүндрэлтэй байдаг. Энэ жил 53 сая төгрөгийн төлөвлөгөөтэй. Үүнийг манай музейн хамт олон биелүүлж 70 сая төгрөг, түрээслэгч байгууллагуудаас 20 сая төгрөг гээд улсын төсөвт нийт 90 сая төгрөг төвлөрүүлсэн. Үүний давсан орлогоор нь нэг танхимыг ашиглалтад оруулах, үзмэр дэглэх, баяжуулах, шинэчлэхэд нь зориулан буцаан өгвөл их л тустай байгаа юм. Гэтэл тэгдэггүй. Музейд үнэн сэтгэлтэй, шуналгүй хүн ажиллах ёстой. Би хоёр дээд сургууль төгссөн гэж залуу хүний дэврүүн сэтгэлээр хэлэхэд тухайн үед аав маань, “Сурсан эрдмээс төрсөн араншин” гэдэг байсан. Манай музейнүүд удирдлагуудаа чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байх үед нь анхаарч үзмэрүүдээ баримтжуулж, бүртгэлжүүлээд тооллого явуулах хэрэгтэй. Би музейн захирал болсныхоо дараа бүртгэн баримтжуулахад ач холбогдол өгч хэл ус сайтай, шуналгүй, эцэг эх нь музейд ажиллаж байсан хүний хүүхдээс сонгосон. Намайг явсны дараа ямар ч бүртгэлгүй болсон байсан. Манайхан музей гэж юм хадгалдаг газар гээд ойлгочихсон нь элбэг. Түүнийг юуг нь ард түмнээс харамлаж хав дарж, хадгалах вэ, байгаа үзмэрийг бүгдийг нь олны хүртээл болгох л хэрэгтэй. Гэхдээ энэ нь санхүүтэй холбоотой. Санхүүжилтийн асуудлыг шийдвэл хүндрэл бага. Музей, соёлын байгууллагуудын ажилтнуудын цалин бага. Гэсэн хэдий ч ажилтнууд сэтгэл зүрхээрээ ажилладаг.

-Манайд музейн ажилтан дутмаг байдаг. Мэргэжилтнээ хэрхэн бэлтгэж байна вэ?

-Музейн удирдлагын зүгээс Үлэг гүрвэлийн төв музейд өндөр боловсролтой боловсон хүчнийг цуглуулсан шүү. Сонгон шалгаруулалтаар тэнцсэн хуулийн мэдлэг сайтай, сахилга баттай залуус ажилладаг. Манай музейд ажиллаж байгаа улсын 95 хувь нь залуу. Нийт 28 хүний орон тоотой, захиргаа, үйлчилгээ, аж ахуйн алба, Эрдэм шинжилгээ, арга зүй, бүртгэл мэдээлэл, сан хөмрөгийн алба, сэргээн засварлах лаборатори гэсэн бүтэцтэй үйл ажиллагаа явуулж байна.

-Музейн ажилтнуудынхаа боловсрол мэдлэгийг дээшлүүлэхэд хэрхэн анхаарч байна?

-Ажилтнуудынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын байран дээр нь сургах, давтан сургах, тэдний ажиллах, нийгмийн баталгааг хангах зорилгоор энэ оны 1 дүгээр сараас эхлэн Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулан баталж, хэрэгжилтийг 2 дугаар сараас зохион байгуулан ажиллаж байна. Мөн музейн ажлын хажуугаар “Бяцхан палеонтологич” боловсролын хөтөлбөр явуулж байна. “Дунд төрмөлийн эрин” танхим нээхдээ хүүхдүүдэд зориулсан “Дино бэйби” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж нийслэлийн 20 гаруй цэцэрлэг сургуулийн хүүхдийг хамруулсан.Энэхүү хэлэлцүүлгийн илтгэлээр удахгүй ном хэвлэн гаргана. Манай судлаачид МУИС, МУБИС, Улаанбаатар дээд сургуультай хамтран “Үлэг гүрвэлийн өнөөгийн судлагдсан байдал” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Үүний үр дүнд илтгэлээр бүтээл гарган, бүх номын сангуудаар тараахаар төлөвлөөд байна. Мөн 2018 оны эхээр “Батаар-2” номоо гаргах бодолтой байна. 2016 онд нийт 25 удаагийн соёл, танин мэдэхүйн ажил зохион байгуулж, 3000 гаруй хүүхэд болон музей үзэгчийг хамруулсан.

-Иргэдэд музейн үзмэрийн гоё сайхныг мэдрүүлж, өөрсдийн өв соёлоо үзэх сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Гадагш гарсан олдворуудыг буцаагаад авчирна гэдэг тухайн үед үнэхээр том үйл явдал болсон. Хэзээ ч бид өөрсдийнхөө гадагш гаргасан соёлын өвийг авчирч байгаагүй. Тухайн үед Ц.Оюунгэрэл сайд Үлэг гүрвэл гэдэг зүйлийг нэг дор төв музей болгоод, ийм богино хугацаанд улсын төсөвт хөрөнгө оруулдаг байгууллага бий болгож чадсан. Жуулчдыг татахын тулд санхүүжилт хэрэгтэй. Ядаж давсан орлогыг бидэнд өгөх хэрэгтэй байна. Давсан орлогоо авъя гэхэд нэгэнт төрийн санд төвлөрсөн гэдэг. Би энэ олдворуудыг энд ажиллаж байгаа үедээ хаашаа ч гаргахгүй. Харин авчрахыг л боддог.

-Монголд аялал жуулчлалын салбар хөгжихөд музейчдын оролцоо чухал. Тиймээс Үлэг гүрвэлийн музейгээс цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Музей нь эх орныхоо үнэт соёлын өвийг хадгалж, дэлгэн үзүүлдгийн хувьд улсынхаа аялал жуулчлалын салбарт нөлөөтэй байр суурь эзэлдэг. Монголд ирэх гадаадын жуулчдыг харахад говь нутагт очих сонирхол ихтэй байдаг нь анзаарагддаг. Тиймээс жуулчдын хүсэл сонирхол, өөрсдийн улсын боломж бололцоонд түшиглэн Улаанбаатар хотод Үлэг гүрвэлийн төв музейгээс эхлэн говь нутаг руу чиглэсэн палеонтологийн аяллын сонирхолтой маршрутын нөхцөл боломжийг бий болгохыг манай хамт олон зорьж байна. Үүний тулд говь нутагт палеонтологи, үлэг гүрвэлийн гадна ил байгалийн музейг тусгай зөвшөөрлийн дагуу дэлхийд ховор, өвөрмөц нүүдэлчин соёл иргэншлээ хадгалсан томоохон амралтын цогцолбор бааз байгуулж гадаадын жуулчдыг тав тухтай амрах, сонирхолтой аяллын маршрутаар аялах нөхцөл бололцоог нь хангах хэрэгтэй.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

эх сурвалж http://www.montsame.mn/read/73004

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн