“МОНГОЛ ОРНЫ ҮЛЭГ ГҮРВЭЛ СУДЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

Манай музей жил бүр уламжлал болгон эрдэм шинжилгээний нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж ирсэн. “Шинжлэх ухааны ажилтан”-ны өдрийг тохиолдуулан “Монгол орны үлэг гүрвэлийн судлалын өнөөгийн байдал” сэдэвт эрдэм шинжилгээний нээлттэй хэлэлцүүлгэгт 11 дүгээр сарын 22-ны өдөр МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, МУБИС-ийн Математик – Байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн оюутанууд болон ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн хүүхдүүд дунд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг хэлэлцүүлэгт “Монгол орны герпетологийн судалгааны тойм” сэдвээр мөлхөгч судлаач МУБИС – ийн доктор, профессор, зөвлөх багш Х.Мөнхбаяр,

“Дэлхийн үлэг гүрвэлийн судлалын түвшин ба Монголын палеонтологи” сэдвээр ШУА-ийн Палеонтологи-геологийн хүрээлэнгийн Сээр нуруутан амьтны палеонтологийн салбарын эрхлэгч доктор З.Бадамхатан нарыг урьж оролцуулсанаар палеонтологийн шинжлэх ухааны судлаач нарын судалгааны ажлын талаархи мэдээ, мэдээлэл өгч, цаашид оюутнуудад палеонтологийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд түлхэц болохуйц ач холбогдолтой болсон.

Мөн “Gallimimus bullatus, түүний онцлог” сэдвээр Үлэг гүрвэлийн төв музейн эрдэм шинжилгээний ажилтан С.Ариунцэцэг илтгэл тавьж музейн тайлбарлагч нар оюутнуудад музейн үзмэр үзвэрийг үзүүлж, үйл ажиллагаагаа суртачилсан.
Оюутнуудын ирүүлсэн илтгэлүүдээс “Монголын үлэг гүрвэлийн түүхэн олдворууд ба Тарбозавр батаар” сэдвээр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан Б.Сайнжаргал, “Шувууны үүсэл ба динозавр” сэдвээр МУБИС-ийн Биологийн тэнхимийн 4 дүгээр дамжааны оюутан Ж.Намсрай, мөн сургуулийн оюутан Г.Солонго “Динозаврын эрин үеийн гүрвэлүүд” гэсэн сэдвээр шинжлэх ухааны судалгаа дээр тулгуурлаж сонирхолтой илтгэл бэлдэж идэвхтэй оролцсон дээрхи 3 оюутныг музейн зүгээс урамшуулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.


ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЛБА

МЭДЭЭ БЭЛДСЭН:
Эрдэм Шинжилгээний Ажилтан Ш.Баасансүрэн

ХЯНАСАН:
Эрдэм Шинжилгээ, Судалгааны Албаны дарга Ч.Дарханчимэг

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн